Нэг сэхээ ороод харвал ажил тарах цаг болжээ. Цүнхээ шүүрч аваад жигтэйхэн яаруу гарч автобусны буудал орсоны дараа юунд тэгтлээ яарсандаа өөрөө өөртөө гайхав. Намайг хүлээсэн хүн тэнд байхгүй. Бүр ганц ч хүн байхгүй байхад юундаа тэгтлээ яарсан юм бол оо. Бороо орохын өмнөх нам гүм байдал. Бараан үүлээр нүүрээ нуусан тэнгэр. Тэр үүлс тэнгэрт биш миний сэтгэлд нүүгээд байх шиг. Бороо ороосой тэгвэл ханатлаа уйлж сэтгэлээ онгойлгохгүй юу. Яагаад ч юм бороо асгарсан ч хамаагүй гэртээ харин харьтал шалба норж алхмаар санагдав. Тэнгэрийн хаяанд үе үе цахилгаан гялбах нь заримдаа миний дүрсхийн уурлахтай адил юм шиг. Би ерөөсөө ертөнц бололтой. Тэнгэр бүрхэхээр гуньдаг. Бороо орохоор уйлмаар санагддаг юм шиг байна. Хотын замаар машинууд хурдлан давхиж, хажуугаар шүхэр дор эрхлэн нялхрах амраг хосууд өнгөрнө. Харих замд тааралддаг жигтэйхэн чамин хийцтэй шилэн байшингийн цонх нулимсаараа нүүрээ угаахаар бороо хүлээх мэт халтартсан харагдана. Бороо ядаж дуслаасай. Хүлээх тусам уддаг болзооноосоо хоцордог амраг шиг минь энэ бороог уу. Уг нь би бороонд норох дургүй л дээ. Өнөөдөр яагаад ингэтлээ ангасан газар, хатсан цэцэг шиг бороонд норохыг хүсээд байгаагаа ерөөсөө ойлгохгүй юм. Магадгүй намайг тэврээд шүхэр барьж бороонд алхдаг тэр минь байхгүй болохоор тэгж хүсээд байгаа байх. Гэр хүрэх зам талдаа ч ороогүй байхад бороо дусалж эхлэв. Ингэж нэг юм хүсэл биелдэг байжээ. Ханатлаа уйлж авъя гэтэл нулимс дусалж өгсөнгүй. Ямар хачин сэтгэл вэ. Түрүүхэн л бороо дуслах л юм бол урсах гээд байсан нулимс одоо сэтгэлийн гүн рүү урсаад алга болчих шиг. Бороо шаагиж эхэллээ. Тэгсэн ч сэтгэлийн гүнд тээглээд байгаа хатуу бүхнийг урсгаж нулимс дусалсангүй. Борооны дуслууд хацар даган урсах нь хэн нэгэнд нулимс шиг харагддаг ч болоосой. Бүр тэрэнд минь харагддаг бол наддаа хүрээд ирэхгүй юу. Даанч хэн ч алга. Норсон болжмор хааяа нэг шурхийн нисэхээс өөр хань татах юмгүй болжээ. Ширүүн асгарах борооны дусал нэг нэгээр цөөрсөөр намдаж, тэнгэрт нүүх бараан үүлс хаашаа ч юм яарч одов. Гэхдээ л сэтгэлд нэг л юм тээглэсээр. Би ертөнц биш юм байна. Өөрийгөө тэгтэл нь дөвийлгөж бодсондоо инээд хүрэв. Өдийд нөгөө чамин шилэн байшингийн цонхнууд нүүрээ угаасан хүүхэд шиг цэвэрхэн болсон байх даа гэсэн хаа хамаагүй бодол сэтгэлд орж ирнэ. Уг нь би сэтгэлд хөндүүрлэх гунигаа яг тэр шилэн байшингийн цонхнууд шиг бороонд угаахыг хүссэн юмсан. Даанч...
Гэнэт яагаад ингэтлээ гунигласанаа ойлгов. Тэр минь миний дэргэд алга байгаа юм байна шүү дээ. Орой бүр түүндээ очих гэж гэр рүүгээ яардаг байтал одоо тэр гэртээ байхгүй. Тэр минь л ирээсэй, тэгвэл сэтгэлд тээглэх бүхнээ инээдээрээ үйрүүлчихээд түүнийгээ тэврэхгүй юу. Ийн бодоод гэр рүүгээ яарлаа. Тэр ирчихээд намайг хүлээж байгаа ч юм бил үү. Яагаад ингэж алгуурлана вэ. Тэнд миний бүх л юм намайг хүлээж байхад. Зам дээр зогсож гар өргөн унаанд суугаад гэрийнхээ зүг яарлаа. Машин бороонд норж харласан зам дээгүүр хурдлан давхина. Жолоочоо жаахан хурдан яваад өгөөч. Тэр минь ирчихээд...
Нэг сэрээд харвал ажилд явах цаг болчихжээ. Хажууд минь нойрсох түүнийхээ амгалан болоод жаргалтай царайг ширтэн, уруул дээр нь үнсэхэд сэтгэл хачин цэлмэг тэнгэр л шиг. Гадаа бороо орж, цонх уйлан, үүлс гунигаа нимгэлэх гэж хичээнэ. Гэсэн ч би ажилдаа яарч, бороонд норохыг огтхон ч хүссэнгүй. Тэр минь дэргэд байхад миний сэтгэлд нар мандаж, уйтгарлах тэнгэрийг шоолж байв. Би орчлон биш чи минь орчлон юм байна. Чамайг инээхэд миний сэтгэлд нар манддаг байх нь ээ. Чи минь намайг гийгүүлэх, миний сэтгэлд мандах нар юм даа.
Ажил эхлэх цаг аль хэдийн өнгөрчээ. Хөнжилдөө шургаад түүнийгээ тэвэрч жаргалтай санаа алдав. Өнөөдөр чинь амралтын өдөр шүү дээ.
Блогийн нүүр » Зүрхний хүслэн
2009-06-15 12:57:55

Сэтгэгдэлүүд:
bna.
Сэтгэгдэл үлдээх: