Намрын төгөлд

Навчин хөлөг усны урсгалд бүүвэйлэгдэж

Намрын ойгоос сэмхэн оргож одно

Будрах цас шиг унах моддын нулимс

Буцах шувууд мэт тэнгэрт ниснэ

Ирэх хаврыг мөрөөдөх навчин хөлөг, шаргал шувууд

Их л холыг өөр өөрөөр зорином

Ганцхан хүсэл

Хайртай гэх мөртлөө

Хагацахыг хүсэх учрал уу

Хачин тансаг атлаа

Хагдархыг хүсэх цэцэг үү

Үргэлж хамтдаа гэсэн байж

Салахыг хүсэх амраг уу

Үй түмээрээ түгдэг байж

Сансарт уусагч одод уу

Дэргэд нь байгаа хэрнээ

Түүнийгээ санах сэтгэл үү

Дэмий хоосон шаналж

Дотроо уйлах зүрх үү

Хүссэн бүхэн биелдэггүй

Хяслант энэ орчлонд

Ганцхан өдөр хүслээрээ амьдрах

Ганц л хүсэл надад байна

Чамдаа
Цонхон дээр чинь сар болж хоноё

Цохилох зүрхэнд чинь хайр болж ургая

Зүүдэнд чинь ирэх цагаан морьтой ханхүү байя

Зүсэр бороонд барьж алхах шүхэр чинь болъё

Ганцаардсан гарыг чинь атгаж тайтгаруулъя

Ганцхан хэрэгтэй үгийг чинь олж хэлье

Цэнхэр үдшээр чамайг л зорих жаргал байя

Цээжин цаанаас чинь гунигын үр зууж нисье

Шаналсан сэтгэлийг чинь тайтгаруулах сархад болъё

Шартатлаа дурлчихаад уйлахад чинь нулимс байя
"Чамдаа" цааш унших »
Зүрхний хүслэн
Нэг сэхээ ороод харвал ажил  тарах цаг болжээ. Цүнхээ шүүрч аваад жигтэйхэн яаруу гарч автобусны буудал орсоны дараа юунд  тэгтлээ яарсандаа өөрөө өөртөө гайхав. Намайг хүлээсэн хүн тэнд байхгүй. Бүр ганц ч хүн байхгүй байхад юундаа тэгтлээ яарсан юм бол оо. Бороо орохын өмнөх нам гүм байдал. Бараан үүлээр нүүрээ нуусан тэнгэр. Тэр үүлс тэнгэрт биш миний сэтгэлд нүүгээд байх шиг. Бороо ороосой тэгвэл ханатлаа уйлж сэтгэлээ онгойлгохгүй юу. Яагаад  ч юм бороо асгарсан ч хамаагүй гэртээ харин харьтал шалба норж алхмаар санагдав. Тэнгэрийн хаяанд үе үе цахилгаан гялбах нь заримдаа миний дүрсхийн уурлахтай адил юм шиг. Би ерөөсөө ертөнц бололтой. Тэнгэр бүрхэхээр гуньдаг. Бороо орохоор уйлмаар санагддаг юм шиг байна. Хотын замаар машинууд хурдлан давхиж, хажуугаар шүхэр дор эрхлэн нялхрах амраг хосууд өнгөрнө. Харих замд тааралддаг жигтэйхэн чамин хийцтэй шилэн байшингийн цонх нулимсаараа нүүрээ угаахаар  бороо хүлээх мэт халтартсан харагдана. Бороо ядаж дуслаасай. Хүлээх тусам уддаг болзооноосоо хоцордог амраг шиг минь энэ бороог уу. Уг нь би бороонд норох дургүй л дээ. Өнөөдөр яагаад ингэтлээ ангасан газар, хатсан цэцэг шиг бороонд норохыг хүсээд байгаагаа ерөөсөө ойлгохгүй юм.
"Зүрхний хүслэн" цааш унших »
Бухимдал

Цэнхэр тэнгэр харахыг хүсэв

Хаашаа харах вэ

Цэцэг түүж хэн нэгэнд бэлэглэмээр

Хаанаас түүх вэ

Алтан цох алган дээрээсээ нисгэмээр

Хаана байна вэ

Амандаа дуу аялах гэтэл

Хаашаа ч юм явж одох

Миний мэдэхгүй бүхэн

Хэтэрхий чиэмээтэй орших энэ хотод

Миний мэдэх бүхний

Хоолой сөөсөн бололтой

Миний ертөнцөд

Миний ертөнцөд гуниг байхгүй

Мэлмэрч урсах нулимс хайгаад хэрэггүй

Шаналсан сэтгэлээ сархадад дэлгэж

Шал согтуу бэдчих намайг олохгүй

Миний ертөнцөд гуниг байхгүй

Миний ертөнцөд жаргал ч байхгүй

Мэнгэт бүсгүйн инээд байдаггүй

Сарны дор зүрх догдолж

Сандарч хэлсэн үгс ч байхгүй

Миний ертөнцөд жаргал байхгүй

Миний ертөнцөд жаргал, зовлон байхгүй

Миний ертөнцөд дурлал байхгүй юм чинь

Намар болохгүй бол

Тэнд

Он жилүүдийн дунд

Би сэтгэлээ алдчихсан юм

Моддын навчис унаж байхад

Намар

Тэр үзэсгэлэнтэй хэрнээ

Надаас зүрхийг минь булаасан

Бүсгүй

Гунигаа цаг хугацаан дундаас

Бүгдийг нь цуглуулж

Зүрхээ гээсэн

Тэр намарт

Би навчис унах болгонд

Шаналлаа гээх гэж очдог

Гэвч

Дахиад намар гэж

Болохгүй бол

Үүр цайсны учир

Цөөрөмд эрхлэх сарыг сандчааж

Хажуу дахь модных навч

Усанд унаад

Бяцхан завь адил хөвнө

Сар сандрахдаа

Завинд гунигаа нууж орхиод

Тэндээс оргож одсон

Тэгээд дахиж хэзээ ч

Цөөрөмд тольдохгүй гэж

Өөртөө амалсан

Үүр цайсны учир...

Тусламж гуйх уу...

Төрсөн өдрийн сэдэвтэй мэндчилгээний үг бичих гэсэн сайн болж өгдөггүй. Уг нь найман мөртэй л байхад хангалттай л юм л даа. Гэхдээ санаа, үгнүүд нь давтагдах гээд хэцүү юм. Ганц нэг юм бичсэн иймэрхүү

Хээнцэр ганган цэцэг чамд

Нэг дэлбээ нэмэгдлээ

Хээрийн салхи шиг насанд чинь

Нэг тоо нэмэгдлээ

Амтат баярын бялуунд чинь

Нэг лаа нэмэгдлээ

Анд нөхдөөрөө хүрээлүүлж

Сайхан баярлаарай

гээд бичсэн тэнэг санагдаад болдоггүй. Мэндчилгээ бичиж өгч тус болно гэдэгт найдаж байна. Сэтгэгдлийн талбар нээлттэй шүү хэ хэ.

Бүсгүйчүүдэд
Ядам хуруундаа бөгж зүүчихэж Яах гэж тэгсэн юм бол Худлаа намайг хууртана гэж санаа юу Хурим хийгээгүйг чинь Би мэднэ
"Бүсгүйчүүдэд" цааш унших »
Бурханд

Сүүмийх дэн шиг анивчих одод

Сүмийн хонхны жингэнэх дуу

Сүрэг шувуу дэрхийн нисэхэд

Сүнс минь цочихдоо уулга алдлаа

Саяхан дэргэсэн шувуудтай цуг

Сайхан бодлууд минь хамт нисчихлээ

Хань татах гэж сүүдрээ эртэл

Хаачсаныг мэдэхгүй алга байв

Бүүдгэр сарны цонхгор царай

Бүрэнхийн дундах сүмийн бараа

Бурхан номын дуу тасарсан ч

Буяны газар гэж дотроо залбирав

Алгаа хавсарч нүдээ аниад

Аврал хайн бурханаас гуйлаа

Гэрэлгүйд нь бүү хэл гэрэлтэйд нь ивээдэггүйг нь

Гэнэт мэдэхдээ өөрөө уулга алдваа

Дурлал

Дурлалаа  чамайг

Сархадтай зүйрлэе

Шарталт шаналан хоёр

Ижилхэн юм байна

Би зовох дургүй

Болъё

Цэцэгтэй зүйрлэе

Намар хагдрах

Надаас  явах хоёр

Адилхан юм байна

Би хүлээх дургүй

Аан оллоо

Зүрхтэйгээ зүйрлэвэл

Яг зохино

Тэгээд

Цээжнийхээ цаана

Сэтгэлийнхээ шоронд хорьчихий

Тэнд чи...

Тэнгэрийн гүнж

Надаас чи дэндүү хол оршном

Нарны алтан утсаар бие сэтгэлд минь ууснам

Уйлах нулимс чинь бороо болж үсэнд шингэнэм

Уйт бодолд минь үүл мэт нүүнэм

Тэврэхийн хүслэнг саран чамд шивнэнэм

Тэвчээрийн чавхдасаас од мэт тасарч харванам

Тийм их санасан байтал хүрч үл чаднам

Тэнгэрийн гүнж юмаа чи надаа дэндүү хол

Бодол

Хэлээч сэтгэл минь

Хэн нэгнийг

Бороо орохыг юм болов уу

Болзсон охиноо ч юм уу

Ирэх ёстой

Энэ чинь хүлээлт үү

Маргааш бороо орно

Тэр хэн нэгний

Мартчихаад гэнэт санасан

Хамгийн гоё аялгуу байх

Учиргүй их саначихжээ нөгөө охиныг

Уруул дээрх мэнгэ нь

Тэнгэр солонго татах шиг

Тийм гоё зохисон бил үү...

Огт өөрөөр...

Ганцхан удаа уруулыг чинь

Нүдээ аньж үнсчихээд

Газар дэлхийгээс ангид оршиж

Нисч үзмээр байна

Ганцхан удаа шувуу мэт дүүлэн

Оддын зүг нисээд

Даль жигүүр цуцахын цагт

Газарт бороо шиг шингэмээр байна

Хүссэн бүхэндээ хүрч

Оддын эзэн болохгүй ч

Хүслийнхээ төлөө тэмцэж

Огт өөрөөр үхмээр байна

Халуун хайр

Хайртай охиндоо сэтгэлээ илчлэх гэж

Гэзэгнээс нь татаад

Хацраа  хорстол алгадуулж

Гэмээ хүлээв

Чи ч гэсэн намайг алгадаж

Хайраа илчилсэн

Чи бид хоёрын хайр

Яасан халуун....

 

Солонго

Нэг их таньдаг хүн шиг

Солонго татаад

Нэрийг санах гэсээр

Алга болчихов

Бодвол надад гомсон биз

Бороо орохоо больчихлоо

Сэтгэлийнхээ гүн рүү

Сэтгэлийнхээ гүн рүү

Удаан алхлаа

Сэмэрч урагджээ

Уйтгар гуниг

Уй шаналангаар дүүрэн

Аз жаргал алга

Аа өнөөх бүсгүй

Аз жаргалын хулгайч юм байна

Араас нь явахаас....

Монголоороо үлдэхийн тулд
-Толгой дохиж уншигддаг нь болж бүтэх, мэдэх чадах зэрэг бэлгэдлийг давхар агуулдаг- Манай улс түүхэн замналын явцдаа нэлээд олон бичиг үсэг зохион хэрэглэж байсан билээ. Тэдгээрийн дотроос хамгийн анхны бичиг үсэг бол “Монгол бичиг” гэж хэлж болно. Монгол бичгийг Уйгарууд анх зохиосон гэж үздэг. Тийм ч учраас Уйгаржин монгол бичиг хэмээн нэрийддэг. 1000-аад жилийн түүхэн замналыг туулсан монгол бичиг өдий болтол хадгалагдсаар, хэрэглэгдсээр улам боловсронгуй болсоор ирсэн. Монгол бичиг Чингэс хааны үеэс авахуулаад төрийн бичиг байсан. Харин эрдэмтэн Ц.Дамдинсүрэн кирилл монгол бичгийг зохион хэрэглэснээр өдгөө уйгаржин монгол бичиг мартагдахдаа тулаад байгаа гэхэд хилсдэхгүй. Түүгээр зогсохгүй даяарчлал гэдэг гоё үгийн дор далдлагдсан Америкчлах бодлогыг манайхан буруу ойлгосноос болж Англи хэл сурах гэж хошуурч байгаа нь монгол хэл эвдрэх шалтгаан болж байгаа билээ. Хэлний дархлаа 12 нас хүрч байж тогтдог.
"Монголоороо үлдэхийн тулд" цааш унших »
Жаргал

Зовлонгоо хундаганд дүүргээд

Зориглож байгаад хөнтөрч орхив

Маргааш лав жаргах байх...

(Нийт: 76)